Түүх

1921 оны ардын хувьсгалын дараа Ардын засгийн газраас улс орноо сэргээн босгох “Эдийн засгийн үндсэн бодлого”-ыг 1923 оны 7 дугаар сард батлан гаргасан. Тэрхүү бодлогын хүрээнд “...Монголчуудын мөнгөний гачигдлыг туслуулахаар мөнгө төгрөгийн банк мэтийг нь нээвээс зохимой” хэмээн заасны дагуу анх Ардын засгийн газар, Зөвлөлт Орос улстай хамтран Монголын Худалдаа аж үйлдвэрийн банк (Монголбанк)-ийг байгуулж, 1924 оны 6 дугаар сарын 2-ны өдрөөс үйл ажиллагаагаа явуулж эхэлжээ.

Монголын Худалдаа аж үйлдвэрийн банк үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн анхны өдрөөс Улсын эрдэнэсийн нөөцийг бүрдүүлж эхэлсэн байна. Улсын банк Улсын эрдэнэсийг татан төвлөрүүлэх үүрэг бүхий нэгжийг 1983 онд БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн (Одоогоор Засгийн газрын) 101 дүгээр тогтоолоор “Үнэт зүйлс, эрдэнэсийн улсын фонд” нэртэйгээр тусгаарлан байгуулсан түүхтэй. Улсын Эрдэнэсийн фонд байгуулагдсанаар Монгол улсын түүх соёлын холбогдолтой хосгүй үнэт, үнэт дурсгалт зүйлсийг Улсын санд төвлөрүүлэн хадгалж, хамгаалахад чухал ач холбогдолтой зүйл болсон юм.

1994 онд Улсын Их Хурлаас “Эрдэнэсийн сангийн тухай хууль” -ийг баталснаар Улсын Эрдэнэсийн сангийн үйл ажиллагааг хуульчилж, түүний халдашгүй байдлыг баталгаажуулсан. 2004 онд Монгол Улсад банкны тогтолцоо үүсч бэхэжсэний 80 жилийн тэмдэглэлт ойг тохиолдуулан Эрдэнэсийн санд хадгалагдаж буй түүх, соёлын хосгүй үнэт, үнэт дурсгалт зүйлийг дэглэн олон нийтэд нээлттэйгээр үзүүлэн, таниулах зорилгоор “Эрдэнэсийн сангийн үзмэр”-ийг байгуулсан. 2021 онд Монголбанкны үйл ажиллагааг ил тод, нээлттэй болгох, олон нийтийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэх ажлын хүрээнд Олон улсын төв банкуудын жишгээр Монгол Улсын төлбөрийн хэрэгслийн түүхийг харуулсан Эрдэнэсийн сангийн дэргэдэх Мөнгөн тэмдэгтийн танхимыг нээж, үйл ажиллагааг эхлүүлсэн.