Монголбанкны эрдэнэсийн сан

Эрдэнэсийн сан нь үнэт металл худалдан авалт, Эрдэнэсийн сангийн сан хөмрөг болон үзмэрийн танхим, Дурсгалын зоос гэсэн үндсэн 3 чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг.

1. Үнэт металлын үйл ажиллагаа:

Монголбанкны Эрдэнэсийн сан нь алт олборлогч аж ахуй нэгж болон иргэдээс үнэт металл худалдан авахдаа олон улсад итгэмжлэгдсэн лабораторийн сорьцын шинжилгээний үр дүнд үндэслэн худалдаж авдаг бөгөөд худалдан авах үйл ажиллагааг түргэн шуурхай, хялбар байдлаар зохион байгуулахад онцгой анхааран ажиллаж байна.

Өнгөрсөн хугацаанд үнэт металл олборлогч аж ахуй нэгж, иргэдийн төвлөрөл бүхий Дархан-Уул, Баянхонгор аймгуудад үнэт металлын сорьцын шинжилгээний лаборатори байгуулж алт олборлогч аж ахуй нэгж, иргэдэд олон улсын зах зээлийн ханшаар үнэт металлаа худалдах боломжийг бүрдүүлэн, сорьцын шинжилгээний үр дүнг цахимаар хүлээн авч, төлбөр тооцоог түргэн гүйцэтгэх зэрэг ажлуудыг үе шаттайгаар зохион байгуулан ажиллав. Мөн үнэт металлын арилжааг Монгол Улсад албажуулах зорилгоор цагаан мөнгийг импортолж, гулдмай, үрлэн хэлбэртэйгээр уран дархчууд болон бусад худалдаалах ажлыг эхлүүлсэн.

2. Эрдэнэсийн сангийн сан хөмрөг болон үзмэрийн танхимын үйл ажиллагаа:

Эрдэнэсийн сангийн сан хөмрөгт хадгалагдах эд зүйлсийг бүртгэлийг картжуулах, сэлбэн тордох, хадгалах, хамгаалах, баяжуулах, үзэсгэлэн гаргах, ном товхимол хэвлэн нийтлэх, Эрдэнэсийн сангийн төсөв, төсвийн гүйцэтгэлийг УИХ-д тайлагнах зэрэг ажил гүйцэтгэж байна. Энэ хүрээнд 2004 онд Монгол Улсад банкны тогтолцоо үүсэж бэхэжсэний 80 жилийн тэмдэглэлт ойг тохиолдуулан “Эрдэнэсийн сангийн үзмэр”-ийн танхимыг нээсэн бөгөөд , 2021 онд Олон улсын төв банкнуудын жишгээр Монгол Улсын төлбөрийн хэрэгслийн түүхийг харуулсан “Мөнгөн тэмдэгтийн танхим”-ыг шинээр нээж, олон нийтэд үзүүлэн тайлбарлаж байна. Сан хөмрөгөөс НТӨ I мянганаас – XII зууны үеийн Археологийн олдворууд, Монголын эзэнт гүрний үед холбогдох Их бага хаадын алт, мөнгө, зэс зоос болон мөнгөн дэвсгэрт, XVII-XX зууны эхэн үеийн Монголчуудын оюуны болоод эдийн соёлыг илэрхийлэх эд хэрэглэгдэхүүн, Монгол улсын 1925 оноос хойших гүйлгээнд хэрэглэгдэж байсан цаасан болон зоосон мөнгөн тэмдэгт зэрэг Монгол улсын түүх соёлын хосгүй үнэт болон үнэт хөдлөх дурсгалт үзмэрүүдийн, цуглуулгууд бүхий эд зүйлсийг үзмэрийн танхимуудад дэглэсэн.

Эрдэнэсийн сан нь Монгол Улсын түүх, соёлын өвийг олон нийтэд сурталчлан таниулах зорилгоор 2017 онд “Монголбанкны Эрдэнэсийн сан”, 2018 онд “Монголын эзэнт гүрний зоосон мөнгө”, “Монгол Улсын төлбөрийн хэрэгсэл”, “Монгол Улсын гүйлгээний болон дурсгалын зоос”, 2020 онд “Монголын Улсын хосгүй үнэт үзмэрийн дээжис” номыг товхимлыг судлаач нартай хамтран бүтээж олон нийтэд хүртээл болгосон.

3. Дурсгалын зоосны үйл ажиллагаа:

Эрдэнэсийн сангийн тухай хуулийн 16.2.2-д заасны дагуу Монгол Улсын тэмдэглэлт ой, онцгой чухал үйл явдлыг тохиолдуулан үнэт металлаар дурсгалын зоос үйлдвэрлүүлэх, худалдаалах ажлыг эрхэлж байна. Дурсгалын зоосны сэдэв, загвар, тоо хэмжээ зэргийн талаар хамтрагч байгууллага, удирдлага зэрэгтэй хамтран ажиллаж үйлдвэрлүүлэн, хүлээн авах, өртөг тооцох, үнэ тогтоох, худалдан борлуулах, зарцуулах зэрэг ажлыг гүйцэтгэж, тайлагнаж байна. Хамгийн сүүлийн үеийн технологи, инновацыг ашиглан сүүлийн үеийн чиг хандлага, хөгжлийг харуулсан smartminting болон бусад загвараар дурсгалын зоосыг үйлдвэрлүүлэн олон нийтэд тухайн сэдвийг сурталчлан худалдаалж байна.

Монголбанкны анхны дурсгалын зоосыг Бүгд найрамдах ардчилан Герман улсад үйлдвэрлүүлсэн ба түүнээс хойш “Зоос гоёл” ХК болон ОХУ-ын Гознак“ үйлдвэр, Япон улсын “Иточу” компани, “В.Н.Mаyers” компани, “Royal mint”, “Valcami Sa” зэрэг үйлдвэртэй хамтран ажиллаж байсан ба одоо CIT /Койн инвест траст/ компанитай хамтран ажиллаж байна. 2021 онд Дурсгалын зоос үйлдвэрлэж эхэлсний 50 жилийн ойг тохиолдуулан “Монгол Улсын Дурсгалын зоос 50 жил” каталогийг олны хүртээл болгосон.